БАРИЛГЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ОЛОН УЛСЫН ЖИШИГ ГЭРЭЭНИЙ (EPC) ЭРСДЭЛИЙН ТУХАЙ

Published by admin on

БАРИЛГЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ОЛОН УЛСЫН ЖИШИГ ГЭРЭЭНИЙ (EPC) ЭРСДЭЛИЙН ТУХАЙ

Эрсдэлийг ирээдүйд үүсэж болзошгүй үйл явдлын сөрөг үр дагавар хэмээн энгийнээр тодорхойлж болох бөгөөд энэ нь байгалийн, хүний эсвэл нийгэм, улс төрийн гээд олон хүчин зүйлийн улмаас бий болдог. Нэгэнт эрсдэлгүй зүйл гэж үгүй тул аливаа төслийг хэрэгжүүлэхдээ эрсдэлийг зүй зохистой хуваарилахад гэрээнд оролцогчид онцгойлон анхаарал хандуулах шаардлагатай байдаг.

Барилгын ажил гүйцэтгэх олон улсын жишиг гэрээг (цаашид “EPC гэрээ”) бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд түгээмэл хэрэглэх болсон шалтгааны нэгд эрсдэлийн хуваарилалт зүй ёсоор тооцогддог. Тодруулбал томоохон төслийг удирдлага зохион байгуулалтаар хангах болон төсвийн зарцуулалтыг зөв хийх мэдлэг, туршлага захиалагч бүрт байдаггүй учраас ихэнх төслүүд төлөвлөсөн хугацаанаасаа сунах эсвэл төсвөөсөө хэтрэх[1], ингэснээрээ үнийн өсөлт болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр захиалагч өндөр эрсдэл хүлээх тохиолдол түгээмэл байдаг. Харин EPC гэрээ нь цаг хугацаа болон төсөв гэсэн төсөл амжилттай хэрэгжихэд нөлөөлөгч хамгийн том хоёр хүчин зүйлийг гүйцэтгэгчид хариуцуулснаар уламжлалт гэрээгээр захиалагчийн хүлээдэг эрсдэлүүдийг гүйцэтгэгчрүү шилжүүлдэг онцлогтой. Энэ нь захиалагчийн хувьд нэг талаас туршлагатай, мэргэжлийн багт эрсдэл болон хариуцлагыг шилжүүлэх давуу талтай ч, нөгөө талаас эрсдэлийн урамшууллаар төсөв нэмэгдэх сул талтай байдаг. Өөрөөр хэлбэл өндөр үнэ, өндөр эрсдэл гэдэг зарчим үйлчлэх боловч эрсдэлийг туршлагатай, мэргэжлийн багт даатгах замаар захиалагчаас гүйцэтгэгчрүү шилжүүлж буй нь гүйцэтгэгчийн хувьд өөрсдийн мэдлэг, туршлага дээрээ үндэслэн эрсдэлийн удирдлагыг зөв хэрэгжүүлэн бага хохиролтойгоор даван туулах эсхүл сэргийлэх замаар илүү өндөр ашиг олох боломжийг олгож байдаг. Ийм ч учраас тус гэрээг олон улсад өргөн хэрэглэдэг бөгөөд 2019 оны байдлаар EPC гэрээгээр хэрэгжиж буй төслүүдийн үнэлгээ дэлхий дахинд 7.8 их наяд ам.доллар[2] байснаас АНУ, Ази, Австрали болон баруун Европт илүү хэрэглэж байгаа нь доорх графикаас тодорхой харагдаж байна.           

Сүүлийн үед Монгол улсад ч уг гэрээг хэрэглэх хандлага нэмэгдэж байгаа учраас EPC гэрээний эрсдэлийн хуваарилалтыг ФИДИК-ээс гаргасан загвар гэрээнүүдийн гол ялгааг хооронд нь харьцуулах замаар тайлбарлавал:

Газрын хэвлийн геологийн тогтоц:

EPC гэрээний[3] дагуу газрын хэвлийн геологийн тогтоц буюу өнгөн хөрснөөс доошхи газрын гүний байгалийн тогтоц, гидрогеологийн судалгааг захиалагч нь гүйцэтгэгчид гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд гүйцэтгэгч нь тухайн мэдээллийн үнэн зөв, бодитой эсэхийг баталгаажуулах үүрэгтэй. Түүнчлэн гүйцэтгэгч нь эрсдэл, магадлашгүй ажил болон урьдчилан мэдэх боломжгүй бусад нөхцөл байдлын талаарх шаардлагатай бүхий л мэдээллийг олж авсан бөгөөд тухайн тохиолдолд зарцуулах зардлыг тооцоолон, хамгийн боломжит үнээр гэрээг байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн зохицуулалтыг мөн гэрээнд оруулсан байдаг.

Харин Улаан болон Шар номны[4] гэрээний зохицуулалт эсрэгээр нь буюу гүйцэтгэгч нь төслийн хугацааг сунгуулах болон нэмэлт зардал нэхэмжлэх боломжийг гүйцэтгэгчид олгодог. Өөрөөр хэлбэл EPC гэрээ байгуулах тохиолдолд захиалагч газрын гүн дэх нөхцөл байдалтай холбоотой өөрт байгаа бүхий л судалгаа, мэдээллээр гүйцэтгэгчийг хангах хэдий ч, тухайн мэдээллийн үнэн зөв, бодитой эсэхэд хариуцлага хүлээдэггүй учраас мэдээллийг шалгах, залруулах, баталгаажуулах нь гүйцэтгэгчийн үүрэг ба тухайн судалгаа, мэдээлэл нь бодит байдлаас зөрүүтэй байх тохиолдолд эрсдэлийг гүйцэтгэгч хариуцдаг. Иймээс энэ тохиолдолд гэрээний үнэд тохируулга хийдэггүй байна.

Инженерийн зураг төсөл:

Улаан номыг хэрэглэх тохиолдолд гүйцэтгэгч нь захиалагчийн хийж гүйцэтгэсэн зураг төслийн дагуу зөвхөн барилгын ажлыг гүйцэтгэдэг бол, шар болон мөнгөлөг ном (EPC гэрээ)-ыг хэрэглэхэд эсрэгээрээ гүйцэтгэгч зураг төслийг хийж гүйцэтгэх боловч эрсдэлийн хуваарилалтын хувьд ялгаатай байдаг. Шар номны 5.1-д зааснаар ажил эхлэх мэдэгдлийг гүйцэтгэгч хүлээн авсны дараа захиалагчийн шаардлагыг хянаж, алдаатай эсвэл дутуу зүйл байвал илрүүлэх үүрэгтэй ба энэ тохиолдолд төслийн хугацаа болон үнэд тохируулга хийгдэхгүй.

Харин 1.9-д зааснаар гүйцэтгэгч нь 5.1-д заасан үүргийнхээ дагуу захиалагчийн шаардлагыг ажил эхлэх мэдэгдэл хүлээн авмагц хянахдаа алдаа илрүүлээгүй боловч ажлыг хийж гүйцэтгэх явцад алдаа, эсвэл дутуу орхигдуулсан зүйл илэрсэн бөгөөд энэ нь төслийн хугацааг сунгах, төсвийг нэмэх нөхцөл байдлыг бий болгосон тохиолдолд гүйцэтгэгч захиалагчаас шаардах эрхтэй байдаг байна.

Мөнгөлөг ном буюу EPC гэрээг байгуулах тохиолдолд гүйцэтгэгч захиалагчийн шаардлагын дагуу зураг төслийг боловсруулахдаа түүний алдаагүй, үнэн зөв байлгах үүргийг хүлээх ба ажил гүйцэтгэх явцад аливаа алдаа эсхүл дутуу орхисон зүйл илрэх, үүнтэй холбоотой төслийн хугацаа сунах, нэмэлт зардал гарах зэрэг тохиолдолд өөрийн хөрөнгөөр засаж, залруулах хариуцлага хүлээдэг.

Бусад эрсдэл:

           Дээр дурдсан хоёр эрсдэлийг гүйцэтгэгчид хариуцуулах нь ерөнхийдөө төслийн бүхий л эрсдэлийг хариуцуулж байгаагаас ялгаагүй бөгөөд тийм ч учраас “Захиалагчийн зүгээс хүслийн жагсаалт”-аа гүйцэтгэгчид өгдөг хэмээх нь бий. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч доор дурдсан эрсдэлүүдээс бусад эрсдэлүүдийг бүхэлд нь хариуцдаг. Үүнд:

  • Дайн, дайны бүхий байдал (дайн зарласан эсэхээс үл хамааран), түрэмгийлэл, гадны орны дайсагнасан үйл ажиллагаа
  • Тухайн улс орны дотоод дахь бослого, алан хядах ажиллагаа, хувьсгал, үймээн самуун, цэргийн болон хууль бус аргаар булаан эзлэгчдийн эрх барих ажиллагаа, иргэний дайн
  • Гүйцэтгэгчийн ажилтнууд болон түүний бусад гэрээлэгч, туслан гүйцэтгэгч нараас өөр этгээдийн үйлдсэн тухайн улс орны дотоодын нийгмийн хэв журмын зөрчил, үймээн самуун болон эмх замбараагүй байдал
  • Гүйцэтгэгчийн ашиглалтанд хамаарахаас бусад тухайн улс орны дотоодод буй цацраг туяа, радио идэвхит дайн байлдааны хэрэгсэл, тэсрэх бодис
  • Дууны болон түүнээс дээш хурдаар явдаг онгоц буюу бусад агаарын төхөөрөмжөөс шалтгаалсан даралтын долгион зэрэг хамаарна.

Дээрх захиалагчийн эрсдэлүүд нь гэрээний 19 дүгээр зүйлээр зохицуулсан “Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл”-д тусгасан нөхцөл байдалтай дийлэнх нь давхацдаг ба эрсдэл үүссэн үед захиалагч нийтлэг байдлаар дараах арга хэмжээг авахаар заасан байдаг. Үүнд:

  • Эрсдэлээс үүдэн бий болсон хохирлыг арилгахтай холбоотой учирсан зардлыг нөхөн төлөх /нэмэлт зардал/
  • Гэрээний хугацааг сунгах

Мөн тус гэрээнд Захиалагчийн эрсдэлийн үүдэн сунгах хугацааны хязгаар болон нэмэлт зардлын дээд хэмжээг тусгаагүй буюу захиалагчийн эрсдэлийн хязгаарлалтыг зохицуулаагүй боловч гүйцэтгэгчийн эрсдэлийг арилгахтай холбоотойгоор гаргах зардлын хэмжээг хязгаарласан жишиг заалт байдаг[5].

Нийтлэлийн эхэнд дурдсанчлан бүтээн байгуулалтын төсөл ихэвчлэн хугацаа сунах, төсөв хэтрэх гэсэн хоёр хүчин зүйлийн улмаас амжилтгүй болдог бөгөөд тэдгээрийг EPC гэрээгээр тодорхой хэмжээнд зохицуулсан ч доорхи шалтгааны улмаас төсөл амжилтгүй болох тохиолдлууд байдаг байна[6]. Үүнд:

  1. Сул засаглал ба зөөлөн хяналт

 

            Барилгын төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хатуу болон зөөлөн (hard and soft control) хяналтыг зохистой хослуулсан сайн засаглал чухал байдаг. Өмчлөл, талуудын хүлээх үүрэг, хариуцлагын хуваарилалт тодорхойгүй байх нь сул засаглалтай байгааг илтгэдэг ба энэ нь төслийг амжилтгүй болгох эрсдэлд хүргэдэг байна.

 

  1. Эрсдэлийн оновчгүй хуваарилалт

 

Зарим тохиолдолд гүйцэтгэгчид бүх эрсдэлийг хариуцуулах нь тохиромжгүй байх буюу өөрөөр хэлбэл тухайн эрсдэлийг хамгийн сайн давах чадвартай тал хариуцах нь зүйтэй байх үе байдаг. Судалгаанаас үзэхэд гүйцэтгэгчийн гэрээний зөрчлүүдийн үндэс суурь нь тухайн эрсдэлийг Гүйцэтгэгч бүрэн хариуцах нөөц бололцоо, чадавх байгаагүйтэй холбоотой байдаг. Иймд захиалагчийн зүгээс өндөр өртөг бүхий том төслийг хэрэгжүүлэхдээ эрсдэлийг зохицуулах чадвар, чадамж, нөөцтэй гүйцэтгэгчийг сонгох нь зүйтэй.

  1. Бусад эрсдэл

 

  • EPC гэрээний үнийг тохиролцохдоо эрсдэлийн урамшууллыг хангалттай тооцоогүйгээс гүйцэтгэгчийн ашиг багасах ингэснээрээ эрсдэл үүсэхэд түүнийг даван туулах чадваргүй байх, эсвэл чанаргүй бараа бүтээгдэхүүн худалдан авснаар нэмж эрсдэл үүсгэх тохиолдол байдаг.
  • EPC гэрээ нь захиалагчийн хувьд хариуцлагыг нэг этгээдтэй тооцох болон ихэнхи эрсдэлийг гүйцэтгэгчид хариуцуулах давуу талыг олгодог ч нөгөө талаас зураг төсөл болон ажилд хязгаарлагдмал хяналт хэрэгжүүлэх сул талтай байдаг. Үүнээс үүдэн захиалагчийн хүлээлтээс доогуур гүйцэтгэл бий болох тохиолдол гарч улмаар нэмэлт зардал гарах эсвэл хугацаа сунах эрсдэл үүсдэг.

Эцэст нь дүгнэж хэлэхэд EPC гэрээг сонгосноороо эрсдэлийг бүрэн хуваарилсан гэж туйлширч болохгүй бөгөөд талууд тус бүр тухайн нөхцөл байдалд тохирсон эрсдэлийн удирдлагын менежментийг хэрэгжүүлэх, өөрсдийн нөөц бололцоог зөв үнэлэх шаардлагатай. Түүнчлэн захиалагчийн зүгээс хямд үнийн бодлого баримтлах боломжгүй буюу EPC гэрээ байгуулах нь өөрөө тухайн үеийн зах зээлийн үнэ дээр нэмээд эрсдэлийн урамшууллыг төлснөөр төслийн нийт үнэ харьцангуй өндөр болдог гэдгийг ойлгох шаардлагатай байдаг бол гүйцэтгэгчийн зүгээс ирээдүйд учирч болох эрсдэлийг зөв үнэлэх, эрсдэл үүссэн тохиолдолд түүнийг даван туулах зардлыг зөв тооцон үнийн саналаа боловсруулах шаардлагатай байдаг.

Нийтлэл бичсэн:                   Өмгөөллийн Легал Линк Си Би Эй ХХН-ийн

Мэргэжилтэн, татварын мэргэшсэн зөвлөх

Н.Одгэрэл

[1]https://www.researchgate.net/publication/261411676_What_You_Should_Know_About_Megaprojects_and_Why_An_Overview

[2] https://www.statista.com/statistics/896299/global-epc-market-value-forecast-by-region/

[3] EPC гэрээ нь мөнгөлөг номны гэрээ бөгөөд дэд бүтцийн томоохон төслүүдэд зориулан боловсруулсан.

[4] ОУЗИХ буюу ФИДИК нь ногоон, улаан, ягаан, шар, мөнгөлөг, алтлаг гэх мэт өнгийн номнуудыг хэвлүүлсэн бөгөөд ном тус бүр тусдаа өөрийн гэсэн онцлогтой гэрээнүүд юм.

[5] ЕРС гэрээний 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэг

[6] “KPMG” олон улсын аудитын байгууллагын цахим хуудас “EPC гэрээ нь барилгын салбарт” мэдээ, 2019 оны 05 сар; https://home.kpmg/au/en/home/insights/2019/05/restructuring-news-epc-contracts-may-2019.html