БАРИЛГЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ОЛОН УЛСЫН ЖИШИГ ГЭРЭЭНИЙ (EPC) ҮНЭ ТОГТООХ БОЛОН ТӨЛБӨР ТӨЛӨХ АРГА

Published by admin on

БАРИЛГЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ОЛОН УЛСЫН ЖИШИГ ГЭРЭЭНИЙ (EPC)

ҮНЭ ТОГТООХ БОЛОН ТӨЛБӨР ТӨЛӨХ АРГА

 

Зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээ буюу EPC нь Engineering, Procurement and Construction гэсэн гурван англи үгний товчлол бөгөөд ОУЗИХ (ФИДИК)[1]-оос томоохон бүтээн байгуулалтын төсөлд зориулан боловсруулсан жишиг гэрээ юм.

Монгол улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд уул уурхай, хүнд үйлдвэр, эрчим хүч, зам, тээвэр, барилга байгууламж, хот байгуулалт болон орон нутгийн бүсчилсэн хөгжлийн чиглэлээр нийгэм, эдийн засагт өндөр ач холбогдолтой, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай 16 орчим төслийг[2] хэрэгжүүлэхээр баталсан ба эдгээрийн зарим төслүүдийг EPC гэрээний дагуу хэрэгжүүлэхээр тусгасан байна. Тухайлбал, газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг EPC гэрээгээр хэрэгжүүлэхээр заасан ба үүний дагуу “Технологийн бус байгууламжийн Инженерчлэл-худалдан авалт-барилга угсралтын ажил EPC-1” гэрээг Ерөнхий гүйцэтгэгч “Жэй Эм Си Прожект Индиа” компани болон “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нарын хооронд 2020 оны 10 сард цахимаар байгуулсан байна. Улмаар ерөнхий гүйцэтгэгч нь 2021 оны 01 сард үйлдвэрийн талбайд технологийн бус барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн ба тус төслийн хувьд санхүүжүүлэгч нь БНЭУ-ын банк, гүйцэтгэгч нь БНЭУ-ын компани, захиалагч буюу өмчлөгч нь Монгол улсын төрийн өмчит компани юм. Саяхан ерөнхий гүйцэтгэгчийн талаас үнийн өсөлттэй холбоотойгоор хоёр талаас нэгдсэн үнийн дүн тохиролцох шаардлагатай байгаа тухайгаа Монголын талд илэрхийлсэн байна. Энэ мэт EPC гэрээний үнэтэй холбоотой практик асуудлууд амьдрал дээр тулгарч байгаа учраас гэрээний зохицуулалтуудыг нарийвчлан судалж, тусгай нөхцөлийг Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулахдаа эрсдэлийн хуваарилалт, үнэ тогтоох болон төлбөр төлөх аргуудын үндсэн зарчмыг бүрэн гүйцэд ойлгох шаардлага үүсэж байна.

Иймд EPC гэрээний үнэ тогтоох болон төлбөр төлөх аргуудын талаар доор товч танилцуулья.

EPC гэрээ нь түлхүүр гардуулах нөхцөл /Turnkey/-өөр хэрэгждэг цогц гэрээ бөгөөд төсөл хэрэгжүүлэх үйл явцыг нэг компанид хариуцуулснаараа цаг хугацаа хэмнэхийн зэрэгцээ гэрээний үүргийн биелэлтийг шаардах, түүнд хяналт тавихад захиалагчид хялбар болох давуу талтай боловч давагдашгүй хүчин зүйлээс бусад эрсдэлийг гүйцэтгэгчид хариуцуулсны улмаас төслийн өртөг өсөх, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх эрх хязгаарлагдмал зэрэг сул талтай байдаг. Гэрээ нь дараах хэсгүүдээс бүрддэг.

Ø  Ерөнхий хэлэлцээр:   талуудын нэр, хийж гүйцэтгэх ажил, төлбөр, гэрээний       хүчинтэй хугацаа зэргийг тусгасан тохиролцоо;

Ø  Ерөнхий нөхцөл:        ОУЗИХ-оос гаргасан жишиг гэрээ;

Ø  Тусгай нөхцөл:           талуудын хүсэл зориг, тухайн улсын хууль тогтоомж  зэрэгт нийцүүлэн ерөнхий нөхцөлд өөрчлөлт оруулах хэлбэрээр боловсруулсан гэрээ;

Ø  Хавсралт:                  захиалагчийн шаардлага, ажлын тоо хэмжээний дэлгэрэнгүй гэх мэт бусад мэдээллийг агуулсан маягт юм.

Дээр дурдсанчлан EPC гэрээгээр эрсдэлийг гүйцэтгэгчид хуваарилж буйтай холбоотойгоор гэрээний үнийг тохиролцохдоо нийт үнийн арга (Lumpsum)-ыг ихэвчлэн хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, эрсдэл болон үнэ тогтоох арга нь хоорондоо нягт уялдаатай байдаг бөгөөд үнэ тогтоох дараах арга нийтлэг хэрэглэгддэг.  

            Ø  Нийт үнийн арга /Lumpsum/

Талууд гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн хийж дуусгах нийт үнийг тохиролцох бөгөөд ажил тус бүрээр нарийвчилсан нэгжийн үнэ, дэлгэрэнгүй төсөв гаргахыг заавал шаарддаггүй. Өөрөөр хэлбэл, Гүйцэтгэгч учирч болох бүхий л эрсдэл, тодорхойгүй нөхцөл байдлыг тооцоолсон хамгийн боломжит нийт үнийн дүнг санал болгосон гэж үздэг ба захиалагчийн хувьд гүйцэтгэгчийн зарцуулж буй бодит төсөв, ашгийн хэмжээ зэрэг мэдээллийг тодорхой мэдэх боломжгүй байдаг. Тийм учраас инфляци болон тодорхойгүй байдлаас үүдэлтэйгээр гэрээний үнэд өөрчлөлт оруулахыг ФИДИК-ээс сайшаадаггүй бөгөөд үнэхээр шаардлагатай гэж үзвэл тусгай нөхцөлд томьёо тохирох замаар эрсдэлийг хуваарилдаг.

            Ø  Өртөгт суурилсан арга /Cost reimbursement/

Энэ аргыг ашиглаж буй үед төслийн эцсийн үнэ тодорхой бус байх бөгөөд тухайн төсөлд шаардлагатай бараа материалыг тухай бүр худалдан авах, ажлыг хийж гүйцэтгэх бүрд өртөг нь тодорхой болдог учраас төсөл хэрэгжиж дуусахад эцсийн үнийг тогтоодог. Уг аргаар гэрээ байгуулсан тохиолдолд үнийн өсөлт болон ажлын цар хүрээтэй холбоотой эрсдэл захиалагчийн эрсдэл болж, гүйцэтгэгч зөвхөн тогтмол зардал, татвар, ашиг зэргийг шингээсэн тогтмол хувиар ажлын хөлсөө нэхэмжилдэг.

            Ø  Нэгжийн үнийн арга /Unit rate/

Ажлын тоо хэмжээ тодорхой бус тохиолдолд уг аргаар гэрээ байгуулах нь тохиромжтой байдаг. Гэрээгээр ажил тус бүрийн нэгжийн үнийг тохиролцох бөгөөд ажлын тоо хэмжээ тодорхой үед төслийн өртөг тодорхой болдог. Жишээлбэл: Суваг шуудуу ухах ажил хийж гүйцэтгүүлэх гэрээ байгуулах үед гэрээнд тухайн ажилд шаардагдах техникүүдийн мото/цагийн хөлсийг тохиролцох бөгөөд ажлыг хийж гүйцэтгэсний дараа тухайн техникүүд хэдэн мото/цаг ажилласнаар гэрээний эцсийн үнийг тодорхойлно. Энэ тохиолдолд талууд эрсдэлийг тэнцүү хуваарилах буюу захиалагч ажлын цар хүрээтэй холбоотой эрсдэлийг, гүйцэтгэгч үнийн өсөлттэй холбоотой эрсдэлийг хариуцдаг.

Эдгээрээс гадна тоо хэмжээний нэхэмжлэлийн арга (Bill of quantity), дээд үнийг хязгаарлах арга (Guaranteed Maximum Price ) гэх мэт аргууд байх бөгөөд тухайн төслийн онцлогоос хамааруулан дээрх аргуудыг хослуулан хэрэглэх ч тохиолдол байж болох боловч үнийг тогтоох арга бүрийн цаана эрсдэлийг хуваарилах систем байх ба энэ нь жишиг гэрээний эрсдэл хуваарилах зарчимтай уялдаж байдгийг анхаарах нь зүйтэй юм.

Монгол улсын Иргэний хуульд гүйцэтгэсэн ажлын хөлс, хөлс төлөх арга, журам, хугацааг талууд харилцан тохиролцоно[3] гэж гэрээний эрх чөлөөний зарчимд суурилсан зохицуулалтыг оруулж өгсөн байдгаас гадна гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно[4] хэмээн хуульчилсан байдаг. Түүнчлэн барилгын ажлын тухайд барилгын төсөв зохиох дүрэм, норм, барилгын үнэ бүрдлийн дүрэм зэрэг эрх бүхий байгууллагаас баталсан журам байх бөгөөд практикт уг журамд үндэслэн төсөв зохиож гэрээний үнийг тохиролцох тохиолдол түгээмэл байдаг. Иймд, EPC гэрээг байгуулж буй үед гэрээний үнийг тохиролцох аргыг сонгохдоо улсын төсөв эсвэл хувийн төсвөөр санхүүжүүлж байгаа эсэх болон барилгын дүрэм, журамд заасны дагуу төсөв зохиосон эсэх асуудлуудыг нягталж байх нь зүйтэй байдаг.  

Талууд гэрээний үнийг тохиролцохоос гадна төлбөр төлөх арга буюу хугацааг мөн адил тохиролцох нь чухал байдаг. Нэг талаас төсөл хэрэгжүүлэгч эсвэл санхүүжүүлэгчийн санхүүгийн нөөц бололцоог зөв үнэлснээр санхүүжилтийн дутагдалд орох эрсдэлийг хаах бол, нөгөө талаас гүйцэтгэгчийн ур чадвар, туршлага, санхүүгийн нөөц бололцоог зөв үнэлснээр төсөв хэтрэх, чанаргүй материал худалдан авалт хийх, чанаргүй ажил гүйцэтгэх зэрэг эрсдэлийг хаах гол хүчин зүйл болдог учраас явц дундын төлбөрийн аргыг зөв сонгох, төлбөр хийх хугацааг зөв тохиролцох зайлшгүй шаардлагатай.  

ОУЗИХ-оос гаргасан жишиг гэрээний (EPC) хувьд дараах 3 үндсэн аргыг түгээмэл ашигладаг.

Ø  Гүйцэтгэлийн үе шатанд суурилсан төлбөр төлөх арга /Milestone payment/

Ø  Санхүүжилтийн үе шатанд суурилсан төлбөр төлөх арга /Schedule payment/

Ø  Ажлыг бүрэн гүйцэтгэж, үр дүнг хүлээлгэн өгсний дараа төлбөр төлөх арга /After completion payment/

Гүйцэтгэлийн үе шатанд суурилсан төлбөр төлөх арга  /Milestone payment/

Энэхүү аргаар төлбөр төлөх үед ажил тус бүрийг бүрэн хийж дуусгах цаг хугацааны төлөвлөгөөг хамгийн түрүүнд боловсруулдаг. Уг төлөвлөгөөнд суурилаад төлбөр хийх хугацааг тохиролцоно. Үндсэн зарчим нь бүрэн гүйцэд хийж дууссан ажлын төлбөрийг төлөх боловч ажлын цар хүрээнээс хамаараад төлбөрийг дунд нь хэсэгчилж төлөх боломжтой. Учир нь зарим ажлын төсөв нийт төсөвт эзлэх хувь өндөр байдгаас тухайн ажлыг бүрэн хийж дууссаны дараа төлбөрийг төлөх нь  санхүүжүүлэгчийн хувьд  төлбөрийн дарамт үүсгэх магадлалтай бол, гүйцэтгэгчийн хувьд зарим ажлыг хийж гүйцэтгэх хугацаа урт байдаг нь санхүүгийн хүндрэлд оруулах эрсдэлтэй байдаг. Иймд, ажил тус бүрийн нийт ажилд эзлэх хувь, зарцуулах хугацаа, мөнгөн дүн зэргийг харгалзан үзэхийн зэрэгцээ талуудын санхүүгийн нөөц бололцоог зөв үнэлэх нь зүйтэй юм.

Санхүүжилтийн үе шатанд суурилсан төлбөр төлөх арга /Schedule payment/

Уг арга нь өмнөх аргын урвуу арга буюу төлбөр төлөх хугацааг эхлээд тохиролцоно. Ихэвчлэн санхүүжүүлэгчийн санхүүгийн нөөц боломжтой уялдуулах үүднээс энэхүү аргаар төлбөр төлөх хугацааг тохиролцдог. Төлбөр төлөх хугацаа болоход гүйцэтгэсэн ажлыг хэмжих бөгөөд гүйцэтгэгч төлөвлөсөн хугацаанд ажлаа гүйцэтгэсэн бол төлбөрийг бүтэн төлөх дутуу гүйцэтгэсэн бол төлбөрийг багасгах гэх мэтээр тухай бүр тохируулдаг.  

Ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлсийг төлөх /After completion payment/ 

Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж дуусмагц төлбөр төлөх арга бөгөөд ихэвчлэн мөнгөн дүн эсвэл ажлын цар хүрээ бага үед ашигладаг. Захиалагчийн хувьд хамгийн бага эрсдэлтэй боловч гүйцэтгэгчийн хувьд хамгийн өндөр эрсдэлтэй арга учраас өндөр үнийн дүнтэй эсвэл урт хугацаатай ажилд бараг хэрэглэдэггүй.

Ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед төлбөр төлөх буюу энд дурдсанаар хамгийн сүүлийн төлбөр төлөх арга болон ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлөх[5] буюу гүйцэтгэлийн үе шатанд суурилсан төлбөр төлөх аргуудыг Иргэний хуулиар хуульчилж өгсөн байна.

Монгол улсын шүүхээр шийдэгдсэн олон тохиолдлуудаас үзэхэд төлбөр төлөх хугацаа болон ажил хийж гүйцэтгэх хугацааны дэс дарааллыг зөв тогтоогоогүйгээс Талуудын хооронд маргаан үүсдэг бөгөөд гэрээний үнийг зөв тохиролцох нь маргаанаас зайлсхийх хамгийн чухал алхам юм.  

Иймд, өндөр үнийн дүнтэй бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхдээ тухайн гэрээнийхээ мөн чанарыг ойлгох шаардлагатай бөгөөд ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай, ерөнхий гүйцэтгэгчтэй төслүүдийн хувьд Монгол улсын эрх ашигт нийцсэн, эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгах ашигтай зохицуулалтуудыг зөв хэрэглэх, дотоодын хууль тогтоомжтой нийцүүлэх асуудал нэн чухал юм.

 

Нийтлэл бичсэн: Өмгөөллийн “Легал Линк Си Би Эй” ХХН-ийн мэргэжилтэн, татварын мэргэшсэн зөвлөх Н.Одгэрэл

 

 

 

 


[1] Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо (FIDIC)

[2] https://legalinfo.mn/mn/detail?lawId=211215&showType=1

[3] Иргэний хуулийн 344 дүгээр зүйл

[4] Иргэний хуулийн 345 дугаар зүйл

[5] Иргэний хуулийн 346 дугаар зүйл