ФИДИК-ИЙН ЦАГААН НОМЫН ХЭРЭГЛЭЭ
Published by admin on
ФИДИК-ИЙН ЦАГААН НОМЫН ХЭРЭГЛЭЭ
Монгол Улсын Их Хурлаас ФИДИК-ийн жишиг гэрээний хэрэглээг Монголд нэмэгдүүлэх тухай тогтоол баталсан бөгөөд сүүлийн жилүүдэд уг жишиг гэрээнүүдийн хэрэглээ өсөн нэмэгдэх хандлагатай байна. ФИДИК буюу Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо (ОУЗИХ)-оос барилга, бүтээн байгуулалтын салбарт өргөнөөр хэрэглэгддэг жишиг гэрээнүүдийг эрхлэн гаргадаг бөгөөд үндсэн барилгын ажил гүйцэтгэх гэрээнүүд болох “Suite of contracts”-ийн бүрэлдэхүүнд “The FIDIC Client/Consultant Model Services Agreement” буюу Цагаан ном нь багтдаггүй хэдий ч ач холбогдолын хувьд хамгийн өндөр гэрээнүүдийн нэг юм.
- Танилцуулга – Зориулалт
Анх 1990 онд эхний хэвлэл гарсан бөгөөд үүнээс хойш 1991, 1998, 2006 онуудад шинэчлэгдэн хэвлэгдсэн ба хамгийн сүүлд 2017 онд 5 дахь хэвлэлийг ФИДИК-ээс гаргасан[1].
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх энэхүү жишиг гэрээгээр Захиалагч болон Зөвлөхийн хооронд төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад үүсэж болох аливаа харилцааг зохицуулах зорилготой бөгөөд ихэвчлэн барилга, бүтээн байгуулалтын төслийн ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл, Тендерийн баримт бичиг боловсруулахтай холбогдсон харилцааг зохицуулдаг[2].
ФИДИК-ийн бусад жишиг гэрээ нь барилгын ажил гүйцэтгэхтэй холбоотой харилцааг зохицуулдаг тул барилгын ажил эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд үйлчилдэг бол энэхүү жишиг гэрээ нь төслийн эхэн үеэс буюу тухайн төсөл, хөтөлбөрийг төлөвлөх үеэс эхлэн тухайн төслийг дуусаж барилга, байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд үргэлжилдэгээрээ бусад жишиг гэрээнээс онцлог.
Ямарваа нэгэн төсөл, хөтөлбөрийн хүрээнд Цагаан номоор зохицуулж болох харилцааг дараах үндсэн үе шатуудад хуваан үзэх боломжтой. Үүнд:
- Төлөвлөлтийн үе шат: Энэ үе шатанд хэрэгжих төсөл, хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх аргыг тодорхойлох, төлөвлөх ба зөвлөх нь гэрээний хүрээнд тухайн төслийг хэрэгжүүлсэнээр эдийн засгийн хувьд ашигтай эсэх, зах зээлийн судалгааг хийж гүйцэтгэнэ. Энэхүү үе шат хэрэгжсэнээр тухайн төслийг ямар арга хэмжээгээр, ямар гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэхийг тодорхойлно.
- Бэлтгэл ажлын үе шат: Төслийг төлөвлөсний дараагаар Зөвлөх нь санхүүгийн, ….. нөхцөл байдалд “due diligence” хийх бөгөөд ТЭЗҮ-ийг боловсруулна.
- Зураг төслийн үе шат: Энэ үе шатанд хэрэв гэрээгээр Зөвлөх нь нарийвчилсан зураг, ажлын зураг, төслийг хийж гүйцэтгэхээр тохиролцсон тохиолдолд гэрээний дагуу зураг төслийг боловсруулна. Харин гэрээгээр зураг, төслийг өөр гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхээр заасан эсхүл ФИДИК-ийн Мөнгөлөг ном, Шар ном зэрэг барилгын ажлын Ерөнхий гүйцэтгэгч нь зураг төслөө боловсруулдаг гэрээний хувьд Захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх үүднээс хяналт тавих үүрэг хүлээнэ. Энэхүү үе шатны хүрээнд Зөвлөх шаардлагатай тохиолдолд зураг төсөл боловсруулах гүйцэтгэгчийг сонгох, зураг төслийн ажилд хяналт тавих, эцсийн зураг төслийг хянах, эцсийн тооцоололыг гүйцэтгэх үүргийг мөн хүлээж болно.
- Төсөл хэрэгжүүлэх үе шат: Төсөл хэрэгжүүлэх үе шат буюу барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор Зөвлөх нь Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, ФИДИК-ийн Улаан болон Шар номын хувьд Захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэгч “Инженер”-ийг сонгон шалгаруулах үүргийг хэрэгжүүлнэ.
- Төсөл дууссаны дараах үе: Төсөл, хөтөлбөр дууссаны дараагаар Зөвлөх нь Захиалагчийн ажиллах хүчнийг мэргэшүүлэх зорилгоор сургалтад хамруулах, тухайн барилга байгууламж, үйлдвэрийг ашиглалтад оруулах бэлтгэл үе шатыг хангахад Захиалагчид шаардлагатай тусламжийг үзүүлэхээр талууд гэрээнд тохиролцож болно.
- Гэрээгээр зохицуулах харилцаа
Энэхүү жишиг гэрээг Захиалагч болон Гүйцэтгэгчийн аль нь зураг төслөө боловсруулахаас үл шалтгаалан хөрөнгө оруулалтын өмнөх судалгаа, ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл, барилгын ажлын удирдлага, төслийн менежмент зэрэг ажилд ашиглахад тохиромжтой[3].
Зөвлөх үйлчилгээний жишиг гэрээний 2006 оны 4 дэх хэвлэл нь 8 бүлэгтэй байсан бөгөөд одоогийн Цагаан номоос илүү товч хэлбэртэй байсан бол 5 дахь хэвлэлээр гэрээний 4 дүгээр бүлэг болох “Ажил эхлүүлэх, дуусгах, өөрчлөлт болон гэрээ цуцлах” гэх бүлгийг тусад нь 3 бүлэгт хуваан илүү нарийвчилан зохицуулсан.
Талуудын эрх, үүрэг, Зөвлөхийн үзүүлэх үйлчилгээ, түүнд тавигдах шаардлага, ажил эхлүүлэх, дуусгах, төлбөр, гэрээний хариуцлага, даатгал, маргаан шийдвэрлэх гэх харилцааг гэрээний ерөнхий нөхцөлөөр зохицуулдаг.
Гэрээний хүрээнд Зөвлөхийн хүлээх гол үүрэг болох Зөвлөхийн үзүүлэх үйлчилгээг үндсэн байдлаар 3 хэсэгт хуваан авч үзэж болох ба Гэрээний нэгдүгээр хавсралтаар Үндсэн (Normal services) болон нэмэлт ажлыг (Additional services), үндсэн болон нэмэлт ажилд хамаарахгүй ч гэрээний дагуу зайлшгүй гүйцэтгэх шаардлагатай “Онцгой ажил” хэмээн гурав ангилан тодорхойлно.
Харин Захиалагчийн хүлээх үүрэг болох төлбөр төлөхтэй холбоотой харилцааг гэрээний 7 дугаар зүйл болон хавсралт 3-аар зохиуулна. ФИДИК-ээс зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээдтэй Цагаан номыг ашиглан гэрээ байгуулах тохиолдолд мэргэшсэн хуулийн зөвлөхийг авахыг зөвлөдөг[4].
Өмнө нь дурдсанчлан энэхүү жишиг гэрээ нь ФИДИК-ийн бусад гэрээнүүдтэй харьцуулахад харьцангуй сүүлд гарсан ч 1990 оноос хойш багагүй хэмжээгээр өөрчлөгдсөн ба Цагаан номын сүүлийн хувилбар болох 2017 онд гарсан 5 дахь хэвлэл нь Зөвлөх болон Захиалагч нарын хооронд эрсдэлийг илүү тэнцвэртэйгээр хуваарилах болсон гэж судлаачид үзэж байна.
- Гэрээний бүрдэл
Зөвлөх үйлчилгээний жишиг гэрээ буюу Цагаан ном нь бүрдэл хэсгүүдийн хувьд ФИДИК-ийн бусад жишиг гэрээнүүдийн нэгэн адил Гэрээний ерөнхий хэлэлцээр, Тусгай нөхцөл, Ерөнхий нөхцөл гэх хэсгүүдээс бүрдэх бөгөөд хавсралтуудын хувьд бусад жишиг гэрээнээс ялгаатай билээ.
- Гэрээний ерөнхий хэлэлцээр: Цагаан номын өмнөх хэвлэлтүүдэд гэрээний баримт бичгийн эрэмбэ дарааллыг заахдаа гэрээний ерөнхий хэлэлцээр нь ямар хүчин чадалтай болох талаар тусгаагүй байсан бол 5 дахь хэвлэлээр ФИДИК-ийн бусад жишиг гэрээний адилаар талуудын хооронд байгуулагдаж буй Гэрээний ерөнхий хэлэлцээр нь хүчин чадлын хувьд нэгдүгээрт байхаар заасан[5]. Тус баримт бичгээр гэрээгээр гүйцэтгэх ажлын талаарх ерөнхий мэдээлэл, талуудын мэдээлэл, холбоо барих хаяг зэрэг мэдээллийг тусгана.
- Тусгай нөхцөл: “Suite of Contracts” буюу ФИДИК-ээс гаргадаг жишиг гэрээний 2017 оны хувилбарын нэгэн адилаар Цагаан номын тусгай нөхцөл нь бусад жишиг гэрээний нэгэн адил хоёр хэсгээс бүрдэнэ. Эдгээр хоёр хэсгийг “Гэрээнээс иш татсан зохицуулалтууд” болон “Нэмэлт өөрчлөлт оруулсан заалтууд” гэх байдлаар нэршлийн хувьд ялгаатай байдлаар нэрлэх боловч зарчмын хувьд бусад жишиг гэрээтэй нэгэн адил билээ.
- Ерөнхий нөхцөл: Ерөнхий нөхцлийн хувьд ФИДИК-ээс “The FIDIC Client/Consultant Model Services Agreement” буюу Зөвлөх үйлчилгээний гэрээ гэх нэрээр гаргасан бөгөөд хамгийн сүүлийн хувилбар нь 2017 оны 5 дахь хэвлэл билээ.
- Ажлын даалгавар: Цагаан номын нэгдүгээр хавсралт буюу “Ажлын даалгавар” нь тухайн гэрээгээр Зөвлөх нь ямар ажил хийж гүйцэтгэх талаар нарийвчлан заасан талуудын хооронд байгуулагдсан тохиролцоо билээ. Энэхүү хавсралтаар Үндсэн (Normal service) болон нэмэлт ажил (Additional service)-ийг тодорхойлон тусгадаг[6].
- Захиалагчийн зүгээс хангах ажиллах хүч, тоног төхөөрөмж, барилга, байгууламж болон бусад үйлчилгээ: Энэхүү хавсралтыг бэлтгэхийн тулд Захиалагч нь ямар ажиллах хүч, тоног төхөөрөмж, барилга, байгууламжаар Зөвлөхийг хангах шаардлагатай талаар хүсэлтээ боловсруулан өгөх бөгөөд талууд тохиролцох замаар шийдвэрлэнэ[7].
- Төлбөр болон урамшуулал: Төлбөр төлөх арга, төлбөр тогтоох арга, гэрээний үнэд өөрчлөлт оруулах, төлбөрийн валют, холбогдох татварын асуудал зэрэг талуудын хооронд тохиролцох шаардлагатай төлбөр болон бусад холбоотой асуудлыг энэхүү хавсарлтаар тохиролцоно[8].
- Ажлын төлөвлөгөө: Гэрээнд заасны дагуу хийж гүйцэтгэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг гэрээний хавсралтаар батлах бөгөөд энэхүү төлөвлөгөөг Зөвлөхийн зүгээс гаргаж өгнө[9].
- Маргаан таслах дүрэм: Маргаан шийдвэрлэх зөвлөл бол ФИДИК-ийн жишиг гэрээнүүдэд тусгалаа олсон, төслийг амжилттай хэрэгжүүлэх, талуудын хооронд үүссэн үл ойлголцолыг эвийн журмаар шийдвэрлэх нэгэн том механизм бөгөөд Цагаан номын өмнөх хэвлэлүүдэд энэхүү хавсралтыг тусгаагүй байсан. Харин 2017 оны 5 дахь хэвлэлтээр энэхүү хавсралт нэмэгдсэн ба тус хавсралтаар талуудын хооронд маргаан үүссэн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар талууд харилцан тохиролцож тусгана.
Дээрхээс дүгнэхэд Цагаан ном буюу Зөвлөх үйлчилгээний жишиг гэрээ нь ФИДИК-ийн барилгын ажил гүйцэтгэх жишиг гэрээнүүдтэй хэлбэр, гэрээний бүрдэл хэсэг, түүнийг бэлтгэх арга, техникийн хувьд төстэй боловч зохицуулж буй харилцаа, төсөл, хөтөлбөрийн бүхий л шатанд хамарч үйлчилж буй зэргээрээ ялгамжтай.
Цагаан номыг төсөл, хөтөлбөрүүдэд хэрэглэснээр тухайн барилгын ажил, төслийг амжилттай хэрэгжихэд ихээхэн ач холбогдолтой бөгөөд тус жишиг гэрээг ашиглан гэрээ байгуулах тохиолдолд мэргэшсэн хуульчийн тусламж авах нь зүйтэй байдаг.
[1] http://constructionblog.practicallaw.com/fidic-white-book-a-step-in-the-right-direction/
[2] Өмгөөллийн “Легал линк Си Би Эй” ХХК, Түлхүүр гардуулах нөхцөлтэй барилгын ажил гүйцэтгэх гэрээний хэрэглээ, Улаанбаатар, (2022), 10 дахь тал
[3] The Client/Consultant Model Service Agreement, 2017, Foreword
[4] The White book guide, 2-р нүүр
[5] The Client/Consultant Model Service Agreement, 2017, Ерөнхий нөхцөлийн 1.15
[6] The white book guide p55
[7] The white book guide p83
[8] The white book guide p84
[9] The Client/Consultant Model Service Agreement, 2017, Ерөнхий нөхцөлийн 4 дүгээр зүйлийн 4.3